Үндсэн агуулга руу шилжих
Нээлттэй мэдээ рүү буцах

ХУДАЛДАХ-ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭГЭЭР ӨМЧЛӨГЧ БОЛСОН ЭТГЭЭД ӨМНӨХ ХУУЛИЙН ЭТГЭЭДТЭЙ ХОЛБООТОЙ ХЭЛЦЛИЙН ҮР ДАГАВРЫГ ШААРДАХ ЭРХГҮЙ

Г.Бямбалхагва

Г.Бямбалхагва

Бусад мэдээлэл2026 оны 10-р сар 20, 08:51 3 минут унших

Томруулах

            Нэгэн компанийн шинэ хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээдийн өмнө нь бусадтай байгуулсан гэрээний үүргийг шаардаж, маргажээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь гуравдагч этгээд нарын хооронд байгуулсан гэрээний үнэ төлбөр, хохирлыг шаардаж, иргэний хэрэг үүсгэсэн байна.

ХЭРГИЙН ХУРААНГУЙ: “Б” ХХК-ийн үндсэн хувьцаа эзэмшигч Ж.Б, Б.Э нар өөр хоорондоо 2022 онд компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ. Товчхондоо, Б.Э-г “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, компанийн эрх болон хувьцаагаа бүрэн шилжүүлжээ.

            Үүнээс өмнө буюу 2011 оны зургаадугаар сарын 22-ны өдөр өмнөх захирал болох Ж.Б нь “Б” ХХК-ийн ******** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “К” ХХК-д бүрэн шилжүүлсэн байна. Мөн оны долоодугаар сарын 18-ны өдөр тус лицензийн талбайг хамтран хөгжүүлэх зорилгоор Д.Г-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж, “К” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгожээ. Хамтран ажиллах гэрээнд компанийн эзэмшлийн ***** дугаар тусгай зөвшөөрлийг бусдад худалдан борлуулсан тохиолдолд “К” ХХК нь борлуулсан үнийн дүнгийн 70 хувийг, Д.Г 30 хувийг авахаар гэрээ байгуулсан байна. 2012 оны нэгдүгээр сарын 23-нд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг худалдах худалдан авах гэрээ байгуулагдан, худалдан авагч “М” ХК-д лицензийн талбайн тодорхой хэсгийг худалдаж, тус компанийн хамаарал бүхий “М” ХХК-д талбайд эрхийг хэсэгчлэн шилжүүлжээ.

            Энэхүү ашигт малтмалын хайгуулын *****Х тусгай зөвшөөрөлтэй холбоотой гэрээний талаар “Б” ХХК-ийн эрх шилжүүлэх болон худалдах худалдан авах гэрээнд огт тусгаагүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-д “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Иймд “Б” ХХК-ийн шинэ хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Э эрхийнхээ хүрээнд үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй гэж үзжээ. Ингээд 2023 онд “Б” ХХК “хамтран ажиллах гэрээгээр тохирсон орлогыг компанид өгөхгүйгээр компанийн хөрөнгөд хохирол учруулж үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Ж.Б, Д.Г нарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн байна.

            Анхан шатны шүүх: Нэхэмжлэгч “Б” ХХК нь “К” ХХК, “М” ХХК нарын хооронд 2012 оны тавдугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээний үнийн 70 хувийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

            Давж заалдах шатны шүүх: Компанийн худалдах-худалдан авах гэрээгээр хуулийн этгээдийн өмчлөгч болсон этгээд өмнөх хуулийн этгээдтэй холбоотой хэлцлийн үр дагаврыг шаардах эрхгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. 

            Хяналтын шатны шүүх: “Нэхэмжлэгч “Б” ХХК-ийг 2022.03.03-ны өдрийн Компани худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр бусадтай өмнө нь байгуулсан гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Хуулийн этгээдийн өмчлөгч болсон этгээд нь өмнөх хуулийн этгээдтэй холбоотой хэлцлийн үр дагаврыг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “К” ХХК, “М” ХХК нарын хооронд байгуулсан гэрээний үнэ, хохирлыг шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзэж, магадлалыг хэвээр үлдээв.