Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ
Улсын дээд шүүхийн 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, З.Хүрэлсүх, Б.Баатарсайхан нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хаалттай хянан хэлэлцэв.
I.Нийслэлийн прокурорын газраас:
Ц.Давгадоржийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алсан, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт,
Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт,
Х.Энхсайханыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
II.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд:
Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгаж,
Ц.Давгадоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан (хүнийг бүлэглэж алах) хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон,
түүнийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алсан,
арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон,
бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн,
бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон,
бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,
кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт бүх насаар хорих ял шийтгэн, уг ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр тогтоож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяад 256.088.276 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Золзаяад 205.705.092 төгрөг, хохирогч Ц.Цэдэвт 5.000.000 төгрөг, хохирогч Б.Жавхланд 50.000 төгрөг, хохирогч Э.Хуланд 149.989 төгрөг, П.Галбадрагт 500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Р.Ганболдод 80.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Р.Цэрэнмягмарт 512.752 төгрөгийг тус тус Ц.Давгадоржоос гаргуулан олгохоор шийдвэрлэсэн байна.
III.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Давгадоржийг гэм буруутайд тооцсон заалт болон ялыг нэмж нэгтгэсэн хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
IV.Хяналтын шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Хоёр шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрх хэмжээ хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хуулийн хэрэглээний зөрүү байгаа эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэхийг хянах эрх хэмжээг хэрэгжүүлж, мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргах бүрэн эрхийн хүрээнд дараах шийдвэрийг гаргалаа.
1.Хяналтын журмаар гаргасан гомдлын тухайд:
Прокуророос Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг шүүгдэгч Ц.Давгадорж нь амь хохирогч Ч.Шинэсаранг боох болон багалзуурдах үйлдэл эхэлсэн, аюултай байдалд орсон болохыг мэдсээр атлаа гэмт хэргийг таслан зогсоох, амь насыг аврахад чиглэсэн идэвхтэй үйлдлийг хийлгүй “эс үйлдэхүй”-ээр амь хохирогчийг “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр, бүлэглэж хоолойг нь цахилгааны утсаар ороон, амьсгалах замыг боож алах” санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсгүүдэд зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Хоёр шатны шүүхээс зарим шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар хийсэн дүгнэлт учир дутагдалтай болсон байх тул энэ талаарх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг дараах үндэслэлээр “хэсэгчлэн хангаж” шийдвэрлэв.
1.1.Яллагдагч, шүүгдэгч нь гэм буруутай эсэхээ нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд шүүх гэм буруутайд тооцохдоо таамаглалд үндэслэх ёсгүй, зөвхөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар гэм буруутай эсэхийг шийдвэрлэх нь Үндсэн хуульд заасан шударгаар шүүлгэх эрхийн үндсэн баталгаа болдог.
Хоёр шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад тулгуурлан Э.Ган-Эрдэнийг шүүгдэгч Ц.Давгадоржийн үйлдсэн хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон болох нь нотлогдоогүй, Э.Ган-Эрдэнэ нь шүүгдэгч Ц.Давгадоржийн заналхийлэлд бодитой өртсөн байхад өөрийн амь нас, эрүүл мэндийг золиослох буюу онцгой үүргийг хүлээлгэж, гэм буруутайд тооцох боломжгүй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, шийдэл үндэслэл бүхий гэж үзэн шийтгэх тогтоол, магадлалаас түүнд холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
1.2.Харин Э.Номин-Эрдэнийн хувьд шүүх мөн ижил үндэслэлээр түүний үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж хяналтын шатны шүүх үзэв.
Өөрөөр хэлбэл, Э.Номин-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шийтгэх тогтоол, магадлалын Э.Номин-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгов.
2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийн тухайд:
2.1.Шүүгдэгч Ц.Давгадоржид холбогдох хэргийн тухайд:
А.Шүүгдэгч Ц.Давгадорж нь өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор амь хохирогч Т.Золжаргалыг алсан, улмаар амь хохирогчийн гэрт хууль бусаар оршин суухдаа түүний эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг хууль бусаар захиран зарцуулсан, амь хохирогчийн гар утсанд суулгасан интернэт банк бүхий кибер орчинд хууль бусаар халдсан, гэрийн тавилга, эд зүйлийг устгаж, гэмтээж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,
мөн амь хохирогч Ч.Шинэсаранг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алсан, улмаар цогцсыг нуух, зөөвөрлүүлэх үйлдэл хийлгэхийн тулд хохирогч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг заналхийлсэн,
мөн насанд хүрээгүй хохирогч Т.М-ийг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийн үйл баримтыг хоёр шатны шүүх зөрүүгүй тогтоож, түүнийг гэм буруутайд тооцон ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Б.Шүүхээс шүүгдэгч Ц.Давгадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн, бүх насаар хорих ялаар тогтоож, хаалттай хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Давгадоржийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн зан төлөвийн илрэл, хандлага зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан бүх насаар хорих ялыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.
В.Харин шүүх Ц.Давгадоржийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул тус зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн агуулга бүхий өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.
Хяналтын шатны шүүх Ц.Давгадоржид холбогдох залилах гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлснээр бүх насаар хорих ял хугацаатай хорих ял болж өөрчлөгдөхгүй бөгөөд залилах гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, бүх насаар нь хорих ялаар тогтоож шийдвэрлэж байна.
2.2.Шүүгдэгч Х.Энхсайханд холбогдох хэрэгт хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, тэдгээрийн ач холбогдол, агуулгын талаар алдаатай дүгнэлт хийсэн байна гэж дүгнэв.
Тодруулбал, прокуророос Х.Энхсайханыг 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтын агуулгаас зөрүүтэй тогтоосноор Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэхэд хүрсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалаас түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй.
2.3.Амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж, 99.000.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Ц.Давгадоржоос гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт тус тус олгуулах нь зүйтэй үзэж, шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулахаар тогтож, дараах дүгнэлтийг хийв.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг (1) хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэх, эсхүл (2) хүн амын дундаж наслалт болон нас барсан хүний насны зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлэхийн аль ашигтайгаар нь тогтоохоор заасан.
Энэхүү хэм хэмжээний зохицуулалтын зүйл нь гэмт хэргийн төрөл, ангилал, гэм буруугийн хэлбэр зэргээс үл шалтгаалан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг харгалзахгүй, урьдач нөхцөлгүйгээр гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах явдал юм.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хохирогч, шүүгдэгчийн хувийн байдал, нас, хүйс, боловсрол, ажил мэргэжил, эрүүл мэндийн байдал, нэр төр, амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл харгалзахгүйгээр нөхөн төлбөрийг мөнгөн дүнгээр гаргуулах учиртай.
Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэн тогтоох хувилбар нь аливаа гэмт хэргийн хохирогч нарт дээр дурдсан хүчин зүйлсийг үл харгалзан эн тэнцүү олгохоор хөдөлшгүй тогтоосон, амь насны нөхөн төлбөрийн шинжтэй зохицуулалт болно.
Үндэсний статистикийн хорооноос тооцоолон гаргасан тухайн оны хүн амын дундаж наслалтыг суурь болгон амь хохирогчийн насыг тогтоох нь хийсвэр шинжтэй, таамаглалд тулгуурлан ялгамжтай байдлаар хохирлыг шийдвэрлэх нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, аливаа алагчлалгүй, шударгаар шүүлгэх эрхэд харшлахаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй юм.
2.4.Хоёр шатны шүүх шүүгдэгч Ц.Давгадоржийн хохирогч Ц.Сийлэгмааг залилж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоосон боловч гэм буруутай этгээдээс хохирлыг гаргуулаагүй орхигдуулсныг зөвтгөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад нэмэлт оруулсан болно.
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ