Үндсэн агуулга руу шилжих
Нээлттэй мэдээ рүү буцах

Ш.Ш, Л.С, С.Э НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ТАЛААР

Д.Номинжаргал

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

Шүүхийн шийдвэрийн албан мэдээлэл2026 оны 11-р сар 11, 14:09 2 минут унших

Томруулах

Шийдвэрийн дугаар: 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №1379

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн тойм: №18

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

Ш.Ш, Л.С, С.Э нар нь 2011 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд хохирогчийг согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бүлэглэж хүчиндсэн гэх хэрэгт холбогджээ.

Хохирогч уг хэргийн талаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдөр харьяалах анхан шатны тойргийн шүүхэд анх шилжүүлсэн байна.

2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар, хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа, газар болон хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой зарим нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, мөн хэргийн оролцогчдын гаргасан зарим хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаажээ.

Прокуророос хэрэгт авагдсан нотлох баримтуудаар холбогдох нөхцөл байдлыг тогтоох боломжтой, анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан баримттай нийцээгүй гэж үзэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.

Уг эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

Тодруулбал, Эрүүгийн хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны явцад бус, шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судалж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох боломжтой, мөн тухайн хэрэгт холбогдсон өөр нэг хүнийг эрэн сурвалжлах ажиллагаа тодорхой үр дүнд хүрээгүй, хэзээ дуусах нь тодорхойгүй байсан тул түүнд холбогдох хэргийг тусгаарласан нь бусад яллагдагчийн хэргийг бүрэн, бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй байна.

Түүнчлэн хэрэг гарсан гэх цаг хугацааны талаар хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг зөрүүтэй боловч тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авах, бусад нотлох баримттай харьцуулан үнэлэх замаар зөрүүг тодруулах боломжтой. Харин хэрэг гарсан гэх газрын харьяаллын зөрүү нь тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжийн өөрчлөлттэй холбоотой бөгөөд үүнийг мөн шүүх хуралдаанаар тодруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Жич: Энэ хэргийг шүүх 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдөр анх удаа хүлээн авч, дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа болно.


Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг

Хавсралт файлууд (1)