Үндсэн агуулга руу шилжих
Нээлттэй мэдээ рүү буцах

“Захиргааны шүүхийн хамгаалал: Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор хамгаалагдах нь” захиргааны процессын эрх зүйн салбар хуралдаан боллоо

Г.Алтанзул

Бусад мэдээлэл2026 оны 10-р сар 1, 02:20 5 минут унших

Томруулах

Монгол Улсын дээд шүүх байгуулагдсаны 100 жилийн ойг угтан Улсын дээд шүүх, Шүүхийн академитай хамтран зохион байгуулж буй “Процессын шударга ёсны үндэс: Талуудын эрх тэгш байдал ба мэтгэлцэх зарчим” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралдаан 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр боллоо.

Олон улсын эрдэм шинжилгээний хурал “Захиргааны шүүхийн хамгаалал: Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор хамгаалагдах нь” сэдвийн хүрээнд захиргааны процессын эрх зүйн салбар хуралдаанаар үргэлжилсэн юм.

Салбар хуралдааныг нээж, мөн чиглүүлэгчээр ажилласан Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор хамгаалагдах нь” сэдвийн хүрээнд эрх зүйт төрийн үндсэн шинж болох  захиргааны хэргийн шүүхтэй байх, захиргааны хууль бус үйл ажиллагаанаас иргэн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, энэ хүрээнд захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах ажиллагаа хялбар байх, чирэгдэлгүй байх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх эрх зүйн хамгааллыг нэмэгдүүлэх, шүүхийн оролцооны зохистой хэмжээ, захиргааны шүүхийн хяналтын цар хүрээ зэрэг асуудлыг хэлэлцэж, олон улсын туршлага солилцох зорилгоор ХБНГУ, Францын зочин илтгэгчдийг урьж оролцуулан салбар хуралдааныг зохион байгуулж буйг онцоллоо.

Салбар хуралдааны эхний илтгэлийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор хамгаалагдах нь: Эрх мэдлийн харилцан хамаарал ба хамтрах үүрэг” сэдвийн хүрээнд “Хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн харилцан хамаарал”, “Хамтрах шаардлага, гүйцэтгэх эрх мэдэл ба шүүх” гэсэн үндсэн хоёр агуулгын хүрээнд хэлэлцүүлж, санал дүгнэлтээ танилцуулав.

Тэрбээр хууль тогтоох–шүүх эрх мэдлийн харилцаанд шүүхийн оролцоог бодитой хангаж, процессын хууль тогтоомжийг боловсронгуй болгохдоо шүүхийн санал, шийдвэр, практикийг заавал харгалзан үзэх эрх зүйн зохицуулалт шаардлагатайг онцлоод шүүхийн төсвийг бие даасан эрх мэдлийн төсөв гэсэн агуулгаар авч үзэж, улсын төсөвт эзлэх тодорхой хувийг хуульчлан тогтоох нь шүүхийн бие даасан, хараат бус байдлыг улс төрийн болон субъектив хүчин зүйлээс хамгаалах нэг нөхцөл болохыг дурдсан юм. Түүнчлэн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг шуурхай биелүүлэх үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ шүүхийн шийдвэр, хууль хэрэглээний дүгнэлт, захиргааны байгууллагын алдаа, зөрчлийг системтэй судалж, аргачлал, гарын авлага, дотоод сургалтаар дамжуулан үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатайг тодотгосон юм.

Хоёр дахь илтгэлийг ХБНГУ-ын Холбооны Нийгэм хамгааллын шүүхийн шүүгч Андреа Биндих “Холбооны Нийгэм хамгааллын шүүх ба түүний харьяаллын онцлог: Захиргааны хэргийн шүүхийн ерөнхий харьяалалттай ижил төстэй болон ялгаатай талууд” сэдвээр хэлэлцүүлэв.

028a1775-copy_AdkorIu.jpg

Тэрбээр ХБНГУ-ын Холбооны Нийгэм хамгааллын шүүхийн Ерөнхий шүүгч Кристина Фухслохын нэрийн өмнөөс Монгол Улсын дээд шүүх үүсэн байгуулагдсаны түүхэн ойг тохиолдолдуулан халуун баяр хүргэе хэмээгээд Холбооны Нийгэм хамгааллын шүүхийн төлөөллийг энэхүү хүндтэй арга хэмжээнд урьж, оролцох боломж олгосонд талархаж буйгаа илэрхийллээ.

Түүнчлэн Холбооны Нийгэм хамгааллын шүүх нь түүхэн үүслийн хувьд захиргааны шүүхээс салбарлан гарсан тул  ижил төстэй тал олон байдаг ч шийдвэрлэж буй маргааны төрөл, процессын онцлогоороо ялгаатай байдаг. Нийгэм хамгааллын шүүх нь эрүүл мэнд, тэтгэвэр, ажилгүйдэл, асрамжийн даатгал, нийгмийн халамж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжтэй холбоотой иргэдийн амьжиргаа, нийгмийн баталгаатай холбоотой маргааныг дагнан шийддэг. Харин захиргааны шүүх нь барилга, хүрээлэн буй орчин, цагаачлал гэх мэт асуудлыг хариуцдаг. Одоогоор ХБНГУ-д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд реформ хийхээр хэлэлцэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдасгах зорилгоор ганц шүүгч хэргийг шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх, шүүх өөрийн санаачилгаар баримт цуглуулах үүргийг багасгаж зохигчдын гаргаж өгсөн баримтад илүү суурилдаг болох зэрэг санал хэлэлцэгдэж буй талаар дурдав.

028a1789-copy-copy_iFTxUrX.jpg

Гурав дахь илтгэлийг Францын Төрийн зөвлөлийн шүүгч, Олон улсын харилцаа хариуцсан төлөөлөгч Лоран Кабрера “Захиргааны хэргийн шүүх дэх нийтийн эрх ашгийн хамгаалалт: Нэхэмжлэл гаргах эрхийн онол, практик” сэдвээр хэлэлцүүлж, нийтийн эрх ашгийг хамгаалж,  шүүхэд хандах эрхийг хэт явцуугаар ойлгож, хэрэгжүүлбэл захиргааны үйл ажиллагааны хууль бус байдлыг шүүхээр хянуулах боломж хязгаарлагдаж, эрх нь бодитоор зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд эрх зүйн хамгаалалтгүй үлдэх эрсдэлтэй. Харин энэ эрхийг хэт өргөн хүрээнд зөвшөөрвөл бодитоор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, хийсвэр шинжтэй маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх нөхцөл бүрдэх эрсдэлтэй. Иймээс шүүхэд хандах эрхийн зохистой зохицуулалт нь нэг талаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь бодитоор зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдэд шүүхийн хаалгыг нээлттэй байлгахын зэрэгцээ, нөгөө талаас тухайн маргаантай холбоо хамааралгүй этгээд абстракт байдлаар шүүхийн ажиллагаа эхлүүлэхээс сэргийлэх шаардлагатай гэв.

Дөрөв дэх илтгэлийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Г.Банзрагч “Захиргааны шүүхийн эрх зүйн хамгааллын хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх боломж” сэдвийн хүрээнд захиргааны шүүхийн хяналтын хүрээ болон өргөжүүлэх боломж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх боломж, захиргааны шүүхийн хяналтын стандартыг ахиулах боломж буй “зохист байдлын зарчим”-ын хэрэгжилтийг хянах нь гэсэн гурван агуулгын хүрээнд санал, дүгнэлтээ танилцуулсан юм.

Тэрбээр захиргааны хэргийн шүүхийн хяналтыг өргөжүүлж, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг бүхэлд нь хянан шийдвэрлэх, иргэдэд эрх зүйн үр нөлөөтэй, бүрэн хамгаалалт үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх нь Монгол Улсад эрх зүйт төрийг бэхжүүлэх, захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Түүнчлэн захиргааны хэргийн шүүхийн субъектив эрхийн хяналтын хүрээг өргөжүүлэхийн зэрэгцээ объектив эрхийн хяналтыг зохистой хүрээнд хязгаарлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, шүүхийн хяналтын өнөөгийн стандартыг ахиулах шаардлагатайг онцлов. Мөн захиргааны үйл ажиллагаанд “зохистой байдлын зарчим” хэрхэн хэрэгжиж байгаад шүүхээс хяналт тавьдаг болох нь захиргааны шүүхийн эрх зүйн хамгааллын үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой гэсэн саналыг дэвшүүлсэн юм.

028a1487-copy_Od9Oiyx.jpg

Илтгэлүүдийг хэлэлцүүлж дууссаны дараа үндсэн илтгэлүүдийн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, шүүгч Г.Банзрагч, ХБНГУ-ын Холбооны Нийгэм хамгааллын шүүхийн шүүгч Андреа Биндих, Францын Төрийн зөвлөлийн шүүгч, Олон улсын харилцаа хариуцсан төлөөлөгч Лоран Кабрера нар панелистаар оролцож, шүүгч М.Батсуурь чиглүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн дараа Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд бодитоор хамгаалж, шүүхийн хамгаалалтыг үр нөлөөтэй, чанартай хүргэхийн тулд цаашид хууль тогтоомж, тэр дундаа процессын хуулийг боловсронгуй болгоход анхаарах шаардлагатайг дурдаад өнөөдрийн салбар хуралдаанаар хэлэлцсэн илтгэлүүд энэхүү зорилгын хүрээнд эрх зүйн хамгаалалтыг сайжруулах, шүүхийн хамгаалалтын үр нөлөөг дээшлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох асуудалд төвлөрснийг онцолж, салбар хуралдаан хаасныг мэдэгдэв.