Шүүхүүдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.3-т заасны дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг боловсронгуй болгох дараах саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3, 7.7 дугаар зүйлийн 2, 7.5 дугаар зүйлийн 8 дахь зохицуулалтаар захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэлтээр зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах, улсын орлого болгох, торгох шийтгэлийг өөр шийтгэлээр солих, нэмэгдүүлсэн төлбөрийг баталгаажуулах, хүчин төгөлдөр болсон шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх зэрэг асуудлыг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр зохицуулсан нь захиргааны хэргийн шүүхийн үндсэн чиг үүрэг, шүүхийн хараат бус, хөндлөнгийн байх зарчимд нийцэхгүй байна.
Аливаа иргэн, хуулийн этгээд нь захиргааны байгууллагын шийдвэр, шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах замаар эрхээ хамгаалах ба хэрэв захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцож, захиргаа гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг өөрөө хангах талаар Захиргааны ерөнхий хуульд зохицуулсан.
Гэтэл хүчин төгөлдөр болсон захиргааны шийдвэрийн биелэлтийг захиргааны хэргийн шүүх хангах агуулгатай зохицуулалтууд нь Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалттай зөрчилдөж байна.
Иймд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйл заалтуудад хэрэгжилт, үр дагаврын үнэлгээ хийж, уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хуулийн хийдэл, зөрчлийг арилгуулах, Засгийн газраас хууль санаачлах асуудлыг шийдвэрлүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал хүргүүлэв.
Улсын дээд шүүхээс хүргүүлсэн саналын дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.