Монгол Улсын дээд шүүх байгуулагдсаны 100 жилийн ойн олон улсын эрдэм шинжилгээний хурал эрүү, иргэн болон захиргааны процессын эрх зүйн салбар хуралдаанаар тус тус үргэлжиллээ. Иргэний процессын эрх зүйн салбар хуралдаанаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хөгжлийн чиг хандлага, шинэтгэлийн хүрээ” сэдвийг онцолсон юм. Тус салбар хуралдааныг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон чиглүүлж, удирдав.

Үндсэн илтгэл хэсэгт Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа, Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа, БНСУ-ын Дээд шүүхийн шүүгч, Шүүхийн захиргааны сайд Ну Гён Пил, ХБНГУ-ын Бавари муж улсын Мюнхен хот дахь Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын гэр бүлийн хэргийн шүүгч Штефани Менер болон Япон Улсын Хууль зүйн яамны профессор Ваказоно Рэй нар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмын хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн юм.

Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа “Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хөгжлийн хандлага:Процессын харьцангуй ба уян хатан байх зарчим” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрээр илтгэлдээ “Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль нь бидэнд шүүхэд чөлөөтэй хандах эрх, талуудын зарчим, шүүхэд мэдүүлэх эрх зэрэг чухал зарчмууд, түүгээр дамжин илрэх ардчиллын үнэт зүйлийг гүнзгий ойлгуулсан боловч өнөөдрийн нийгэм эдийн засаг, өмчийн жижиг, том олон маргааныг шударга, түргэн шуурхай, ил тодорхой, өртөг зардал багатай шийдвэрлэх хангалттай нөөц, чадамжгүй болсон нь анзаарагдаж байгааг онцлон тэмдэглэв. Шүүхийн ажиллагаа шударга байх ёстойгоос гадна иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа болон зардлын хувьд зохистой байх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ ажиллагааг хялбарчлах, шуурхай болгох зорилго нь талуудын мэтгэлцэх эрх, нотлох баримт гаргах боломж, шүүхэд үр нөлөөтэй хандах эрх зэрэг процессын үндсэн баталгааг сулруулах үндэслэл болж болохгүй. “Шуурхай ажиллагаа ба процессын баталгаа, шүүхийн идэвхтэй удирдлага ба талуудын диспозитив эрх, ажиллагааны хялбаршуулалт ба шударга шүүхийн шаардлага” гэсэн, зарим талаар өрсөлдөх үнэт зүйлсийн зохистой тэнцвэрийг олох шаардлага бидний өмнө тавигдаж байна. Иргэний процессын хөгжлийг зөвхөн хууль тогтоомжийн түвшинд авч үзэх боломжгүй. Энэ нь хуулийн зохицуулалт, шүүхийн практик, шүүхийн зохион байгуулалт, технологийн хөгжил, шүүгч болон шүүхийн ажилтны мэргэшил зэрэг нь харилцан уялдаатай хөгжих шаардлагатай байна. Энэ утгаараа өнөөдөр дэвшүүлсэн санал, шүүмжлэл, судалгааны үр дүн бүр үнэ цэнтэй. Санал нэг байсан асуудлаасаа төдийгүй, санал зөрсөн асуудлаасаа ч дараагийн судалгаа, шинэчлэлийн чиглэлийг олж харах учиртай. Эцэст нь иргэний процессын аливаа шинэчлэлийн төвд “шүүхийн ажиллагааг хэрхэн хөнгөвчлөх вэ” гэсэн асуултаас илүүтэйгээр “иргэний эрхийг хэрхэн илүү үр нөлөөтэй хамгаалах вэ” гэсэн асуулт байх ёстой. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн үндсэн зарчмууд агуулгын хувьд шинэ сорилтуудтай тулгарч байгааг анхаарч, цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хөгжүүлэх, шинэтгэх шаардлагатай. Процессын эрх зүй нь уян хатан байдал, харьцангуй байх зарчмын хүрээнд төрөлжин хөгжих хандлагатай байна. Процесс ажиллагааны өөрчлөлт, хувьсал хөгжлийг гүйцэх шаардлага нь цахимжилтын шинэтгэлд давхар сорилт болж байна” гэж дүгнэн хэллээ.

Удаах илтгэлийг БНСУ-ын Дээд шүүхийн шүүгч, Үндэсний шүүхийн захиргааны сайд Ну Гён Пил “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь иргэний нэхэмжлэлийг хянан хэлэлцэх зарчим, хүрээ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэв. Солонгос улс иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх, гэмт хэргийн хохирогчдод нөхөн төлбөр олгох тогтолцоог боловсронгуй болгоход 40 гаруй жилийг зарцуулжээ. Тус тогтолцоог боловсронгуй болгохын тул нэн түрүүнд гэмт хэргийн хамрах төрлийг нэмэгдүүлж, нөхөн төлүүлэх хохирлын хүрээг өргөжүүлэхэд чиглэсэн байна. Цаашлаад хохирогчид мэдээлэл, тайлбар өгөх журмыг сайжруулах, иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх явцад хохирогчийн хувийн мэдээллийг шаардлагагүйгээр задруулахаас сэргийлж, хохирогчийг хамгаалахыг зорьсон гэдгийг Ну Гён Пил илтгэлийнхээ эхэнд тодотголоо. Мөн “Уг тогтолцоо нь анхан болон давж заалдах шатны шүүхэд хэрэгжих боломжтой. Өөрөөр хэлбэл хяналтын шатны шүүх болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэж болохгүй. Нөхөн төлүүлэх хохирлын төрөлд сэтгэцэд учирсан хохирол, эмчилгээний зардалд учирсан хохирол хамаарна. Харин хоорондоо тохирсон тохиолдолд уг тохиролцооны хүрээнд мөнгийг нэхэмжлэх боломжтой. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хэргийг анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэж болно. Энэ нь өмнө танилцуулсан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дэмжих тухай хуулийн зохицуулалтаас ялгаатай. Солонгос улсад сүүлийн найман жилд иргэний нэхэмжлэлийг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийн тоо тав дахин өссөн. Шалтгаан нь шинэ төрлийн эдийн засгийн гэмт хэргүүд хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотой. Мөн мөрдөн шалгах болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх мэдээллийг заавал өгөхийг хуульчилснаар олон нийт энэ тогтолцооны талаар маш сайн ойлголт мэдлэгтэй болсон” тухай илтгэлдээ танилцууллаа.

Үүний дараа Япон Улсын Хууль зүйн яамны Судалгаа, сургалтын хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын профессор Ваказоно Рэй “Япон Улсын гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах нь:Гэр бүлийн шүүх болон шүүхийн шинжээчийн тогтолцоо, харилцан уялдаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Япон Улсад гэр бүлийн болон насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой хэргийг Гэр бүлийн дагнасан шүүхээр шийдвэрлэдэг. Тус шүүх нь анхан шатны шүүх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл Дээд шүүхэд давж заалдах боломжтой. Өөр нэг онцлог нь шүүгчид шийдвэр гаргахдаа гэр бүлийн хэргээр дагнан мэргэшсэн судлаач, шинжээчийн судалгаа, дүгнэлтэд тулгуурладаг байна. Гэр бүлийн шүүхийн судлаач нь хүүхэд, эцэг эх болон гэр бүлийн нөхцөл байдлыг судалж, шүүхийн шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллийг бүрдүүлдэг. Тухайлбал, хэргийн бодит нөхцөл байдлыг судлах, хүүхэд болон эцэг эхтэй ярилцлага хийх, бусад эх сурвалжаас мэдээлэл цуглуулах, нөхцөл байдлыг шинжлэх зэргээр судалгааны тайлан гаргаж, шүүгчид хүргүүлж, мэргэжлийн мэдээллээр дэмждэг байна. Профессор Ваказоно Рэй илтгэлийнхээ дүгнэлтдээ “Хүүхдийн ашиг сонирхол гэдэг нь зөвхөн хууль зүйн хийсвэр ойлголт биш юм. Харин хүүхдийн аюулгүй байдал, хөгжил, сэтгэл санааны тогтвортой байдал, эцэг эхтэй харилцах харилцаа, хүсэл зориг зэрэг олон хүчин зүйлд тулгуурлан бодитой үнэлэх ойлголт” болохыг тодорхойлсон юм.

Үргэлжлүүлэн Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа “Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ба хүний үндсэн эрхийн хамгаалалт, шүүхийн хяналт” сэдвээр илтгэлээ. Дэлгэрүүлбэл “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хууль хэрэгжвэл гомдол, торгууль, үл хөдлөх хөрөнгө борлуулах зарим ажиллагаанд шүүх оролцоно. Мөн хөрөнгө, орлогогүй төлбөр төлөгчийн тэтгэлгийг төрөөс түр олгох механизм бий болж, шаардлагын хэмжээнээс илүү арга хэмжээ авахгүй байх зарчмыг тусгаж, илүү битүүмжлэлийг цуцлах буюу өрийн хэмжээнээс илүү битүүмжилсэн хэсгийг нэн даруй чөлөөлөх зэрэг эерэг өөрчлөлтүүд бий. Шүүхийн шийдвэрийн биелэлт бол шударга ёсны баталгаа. Хүний эрхийн хамгаалалт бол төрийн албадлагын хууль ёсны хязгаар юм. Тиймээс төлбөр авагчийн эрх аль болох богино хугацаанд сэргээгдсэн байх нь чухал. Нөгөө талаас төлбөр төлөгчийн хувьд үндсэн хуулиар олгогдсон эрх нь зохист түвшинд байна уу, ашиг сонирхлын тэнцвэржүүлэлт байна уу, амьжиргааны доод түвшин хамгаалагдсан байна уу, шүүхийн бодит хяналт байна уу гэсэн суурь зарчмууд бий. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын институтийн харьяалал, байгууллагын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, ажиллагаагаар хүний эрх зөрчигдөж байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын институтийн харьяаллыг олон улсад хувийн, холимог, гүйцэтгэх, шүүхийн гэж ангилдаг. Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хувийн болон холимог загвар луу шилжүүлэх тухай судлаачдын санал гарч байна. Манай улсын хувьд цаашдын чиг хандлагаа тодорхойлохдоо бусад улсын туршлагыг сайтар судлах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

Сүүлийн илтгэлийг ХБНГУ-ын Бавари муж улсын Мюнхен хот дахь Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын гэр бүлийн хэргийн шүүгч, доктор Штефани Менер “ХБНГУ-ын Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгарах онцлог” сэдвээр өндөрлүүллээ. Тэрээр илтгэлдээ “Герман улсад гэр бүлийн хэргийг дагнан хянан шийдвэрлэх эрх бүхий анхан шатны шүүх болох Amtsgericht харьяалан шийдвэрлэдэг. Харин давж заалдах гомдлыг Мужийн Дээд шүүх хянан шийдвэрлэдэг бөгөөд энэ төрлийн хэргийг ердийн харьяаллын Мужийн шүүх хянан шийдвэрлэхгүй. Холбооны Дээд шүүх нь хяналтын шатны шүүхийн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Гэхдээ хяналтын журмаар гомдол гаргах боломж нь ерөнхийдөө хяналтын шатны журмаар хэлэлцүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд үүснэ” гэдгийг тайлбарлалаа. Герман улс 2009 оноос хойш Гэр бүлийн хэрэг болон сайн дурын харьяаллын хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болж, гэр бүлийн шүүхийн харьяалах хэрэг болон сайн дурын харьяаллын бусад хэрэгт хамаарах процессын зохицуулалтыг нэгтгэн, бие даасан нэгдсэн хуулийн тогтолцоог бүрдүүлсэн байна. Нэгдсэн зохицуулалтын гол онцлог нь гэр бүлийн эрх зүйн харилцаатай холбоотой олон төрлийн хэргийг нэг шүүхийн хүрээнд нэгдмэл байдлаар хянан шийдвэрлэх боломж бүрдсэн. Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах ажиллагааг түргэвчилж, бэхжүүлсэн. Ялангуяа хүүхэдтэй холбоотой хэрэгт шүүх хэргийг нэн даруй хянан шийдвэрлэх зарчим үйлчилдэг тухай дурдлаа. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төлөөлөгчийн институтийг бэхжүүлж, процессын оролцогчдын эрх зүйн статусыг шинэчлэн зохицуулж, түр захирамж болон түргэвчилсэн ажиллагааны нэгдсэн тогтолцоог бий болгож, шүүхийн шийдвэрт гомдол гаргах журмыг шинэчилсэн гэдгийг шүүгч, доктор Штефани Менер онцоллоо.

Салбар хуралдааны үндсэн илтгэлүүдийг хэлэлцүүлж дууссаны дараа панел хэлэлцүүлэг өрнүүлж, таван илтгэгч панелистаар оролцлоо. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын иргэний процессын эрх зүйн салбар хуралдааныг Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний танхимын тэргүүн Н.Баярмаа хааж хэлсэн үгэндээ “Шүүх иргэний зөрчигдсөн эрхийг бодитой, шуурхай, үр нөлөөтэй хамгаалах, иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй, хялбар, шуурхай байх зарчмыг баримтлах нь ямагт чухал юм. Хуульч нарын хувьд ажлын үндсэн арга техник нь хурал байдаг. Иймд “хохирогчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо бодитой сэргэж чадаж байна уу” гэдэг өргөн хүрээний, үр дүнтэй хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэж бодож байна. Аливаа эрдэм шинжилгээний хурал дараагийн судалгааны ажил, хурлуудын эхлэл болж үлддэг билээ. Энд мөн Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн тухай дурдъя. Хүн төрөлхтний хамгийн нандин, хамгийн эрхэм бүлэг маань хүүхэд. Хүүхдийн эрх ашиг, дээд ашиг сонирхлыг хамгаална гэдэг дан ганц эцэг, эхийн хайраас урган гарах зүйл биш. Энэ бол улс эх орны тусгаар тогтнол, хөгжил дэвшил, цаашдын замнал, оршин тогтнолын асуудал юм. Монгол Улс хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах, тэдэнд гол анхаарлаа чиглүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн нь хууль, эрх зүйн салбарын хөгжлийн түүхэн алхам гэж миний хувьд үнэлж байна. Өөрөөр хэлбэл Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулсан нь түүхэн үйл явц юм. Энэхүү үйл явдалд ач холбогдол өгч, манай улсыг зорин ирж илтгэл хэлэлцүүлсэн Япон Улсын илтгэгч, профессор Ваказоно Рэй, ХБНГУ-ын шүүгч, доктор Штефани Менер нарт талархсанаа илэрхийлье. Түүнчлэн өнөөдөр бидний хэлэлцсэн хохирогчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг маш чухал сэдэв гэж бодож байна. Шүүхийн шийдвэр гаргаад байдаг, гэтэл хохирогчийн эрхийг бодитой хамгаалж байгаа тогтолцоо хэрхэн ажиллаж байна вэ. Энэ тухай ХЭҮК-ийн илтгэл, тайлангуудад тогтмол хөндөж байдаг. Хохирогчийн эрх монголд бодитой сэргэж чадаж байна уу гэдгийг тусад нь авч үзээд, салбар бүрийн холбогдох төлөөллүүдийг хамруулж, үүн шиг хэлэлцүүлэг хиймээр санагддаг. Тус асуудалд гол түлхэц болж, өөрийн орны туршлага, ололт амжилт, сургамжийг хуваалцсан БНСУ-ын Дээд шүүхийн шүүгч, Үндэсний шүүхийн захиргааны сайд Ну Гён Пил танд мөн гүн талархал илэрхийлье” хэмээн тэмдэглэлээ.
