Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх нь 2025 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 13 дахь заалтад заасны дагуу тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, сэжигтнийг баривчлах болон хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа явуулах, түүнчлэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх асуудлыг нийслэлд тус шүүх харьяалан шийдвэрлэдэг.
Хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн, Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор жижүүрийн шүүгчийн ажиллах цагийн хуваарийг тогтоож, жижүүрийн шүүгчийг ажлын өдрүүдэд 06.00-08.30, 17:30–22:00 цагийн хооронд, амралтын болон бүх нийтийн баярын өдрүүдэд 06:00–22:00 цагийн хооронд цахим системээр санамсаргүй сонголтын зарчмаар хуваарилж байна. Жижүүрийн шүүгч нь дээрх хугацаанд хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, сэжигтнийг баривчлах болон хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэж байна.
Тус шүүх 2026 оны 10 дугаар сарын 09-ний байдлаар Таслан сэргийлэх арга хэмжээний нийт 5127 санал хүлээн авч шийдвэрлэснээс ажлын бус цагаар буюу жижүүрийн шүүгч 767 санал хүлээн авч 73 саналыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж, 694 саналыг хангаж хянан шийдвэрлэсэн байна.