Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, 2026.03.26-ны өдрийн 192/ШШ2026/03338 шийдвэр
Шүүхийн шийдвэрийн тойм № 2, 2026.11.03
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Г.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгө хуваах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас дундын эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийг эс зөвшөөрөн, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
Гэрлэгчид хамтын амьдралын хугацаанд хоёр хүүхэд төрүүлж, гэр бүл болсноос хойш нэг орон сууцтай болсон байна. Тэд тусдаа амьдраад 4 жил болсон бөгөөд тусдаа амьдарсан үеэс нэхэмжлэгч А.Б нь хоёр хүүхдийн хамт гадаад улсад, хариуцагч Г.Б нь дундын хөрөнгө болох орон сууцандаа амьдарч ирсэн, хэн хэн нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарлан гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ нэхэмжлэгчийн асрамжид үргэлжлүүлэн байлгаж, хариуцагч хүүхдүүддээ тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.
Харин гэрлэгчид дундын эд хөрөнгө болох орон сууцыг хэний өмчлөлд үлдээх, нэг гишүүнд ногдох хэсгийг хэрхэн тооцох буюу анх худалдаж авсан үнээс тооцох эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнээс тооцох эсэх талаар маргав.
Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болно.
Маргааны зүйл болох орон сууц нь А.Б, Г.Б нарын “хоёр иргэний өмч” байхаар улсын бүртгэлд бүртгэгдсэн ба уг орон сууцыг “Г” банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалж, хариуцагч Г.Б зээлийн төлбөрийг дангаар төлдөг байна.
Хариуцагч Г.Б нь орон сууцыг анх 83,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарласан боловч уг тайлбараа нотлох баримт шүүхэд гаргаагүй байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж, шүүхээс томилогдсон шинжээч уг орон сууцны зах зээлийн үнэ ханшийг 225,450,000 төгрөг болохыг тогтоосон.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгүүдэд зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах ба нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна.
Гэрлэгчдийн хүүхдүүд орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдээгүй боловч хуулийн дээрх зохицуулалтын дагуу эцэг, эхийн адил орон сууцнаас тэнцүү хуваан өөрт ногдох хэсгийг авах эрхтэй.
Нэхэмжлэгч А.Б хүүхдүүдийн хамт гадаад улсад амьдардаг, хариуцагч Г.Б Монгол улсад дундын хөрөнгө болох орон сууцандаа амьдардаг учир шүүх орон сууцыг хариуцагчийн өмчлөлд үлдээж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 225,450,000 төгрөгөөс нэг гишүүнд ногдох хэмжээг 56,362,500 төгрөг болохыг тогтоож, нэхэмжлэгч болон хүүхдүүдэд орон сууцнаас ногдох хэсэг 169,087,500 төгрөгийг хариуцагч Г.Б-с гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгохоор шийдвэрлэсэн.
Гэрлэгчид орон сууцыг барьцаалан “Г” банкнаас зээл авсан ба зээлийн үлдэгдэл төлбөр 15,907,246 төгрөгийг насанд хүрсэн хоёр гишүүнд тэнцүү хувааж 7,953,623 төгрөгийг нэхэмжлэгчид олгох 169,087,500 төгрөгөөс хасаж, 161,133,877 төгрөгийг хариуцагч Г.Б-с гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгож шийдвэрлэсэн болно.
Учир нь гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход насанд хүрээгүй хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан үзэх ба орон сууцанд үүссэн өрийг хүүхдүүдэд хуваахгүй.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/259555?daterange=2026-03-26%20-%202026-03-27&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа