Үндсэн агуулга руу шилжих
Нээлттэй мэдээ рүү буцах

ХАЛХАВЧИЛСАН ГЭРЭЭГЭЭР ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ШИЛЖҮҮЛСНИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Г.Бямбалхагва

Г.Бямбалхагва

Бусад мэдээлэл2026 оны 10-р сар 26, 09:52 3 минут унших

Томруулах

Нэхэмжлэгч П.Э нь “Х х ү” ХХК, Д.Ч нарт холбогдуулан “160,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргасан. Тодруулбал, иргэн П.Э "Х х ү" ХХК-тай “Х” ХХК-ийн аялал жуулчлалын зориулалттай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах, 5560 мкв газрыг 160,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн "Орон сууц захиалгын гэрээ"-гээр халхавчлан байгуулжээ. П.Э болон “Х х ү” ХХК нарын хооронд орон сууц захиалгын гэрээнээс гадна “Х” ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээний суурь хэлцэл буюу үүргийн хэлцэл байгуулагдсан. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу “Х” ХХК-г ашиглах эрх бүхий газрын хамтаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр "Х х ү" ХХК-ийн менежер Д.Ч-н нэр дээр шилжүүлж гэрээний үүргийг биелүүлсэн. Хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлж, төлбөрийг барагдуулаагүй тул гэрээний үүрэгт 160,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгөхийг шаарджээ. 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч "Х х ү" ХХК нарын хооронд байгуулагдсан 2023.02.01-ний өдрийн "Орон сууц захиалгын гэрээ"-г талуудад орон сууц захиалан бариулах бодит хүсэл зориг байгаагүй, тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглах эрхийг шилжүүлэх харилцааг халхавчлах зорилгоор хийгдсэн хууль зөрчсөн хэлцэл гэж үзсэн. Тус хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Харин нэхэмжлэгч болон хариуцагч Д.Ч нарын байгуулсан "Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" болон "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлох эрхийн хүрээнд байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл гэж тодорхойлжээ. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, нэхэмжлэгч нь компанийн хувьцааг Д.Ч-н өмчлөлд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байх тул хүчин төгөлдөр гэрээгээр тохиролцсон хувьцааны үнэ болох 1,000,000 төгрөгийг хариуцагч Д.Ч-с шаардах эрхтэй гэж дүгнэсэн юм. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 159,000,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч "Х х ү" ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар нэрлэн заасан этгээд болох хариуцагч Д.Ч-н нэр дээр тусгай зөвшөөрөл бүхий газар ашиглах эрхтэй “Х” ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон эрх, үүргийг шилжүүлсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй тул талууд худалдах, худалдан авах гэрээгээр тусгай зөвшөөрөл бүхий газар ашиглах эрхтэй "Х" ХХК-ийг 160,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж үзнэ. Харин Д.Ч нь хариуцагч "Х х ү” ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгчтэй компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулсан тул тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй бөгөөд хариуцагч "Х х ү” ХХК-аас 160,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Ч-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хяналтын шатны шүүхээс зохигчийн хооронд байгуулагдсан 2023.02.01-ний өдрийн "Орон сууц захиалгын гэрээ"-ээр талууд орон сууц шилжүүлэх хүсэл зориг байгаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл, мөн өдрийн "Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" болон "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г талууд бичгээр тохиролцсон агуулгаасаа өөрөөр тайлбарлаж буй нь үндэслэлгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзжээ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхгүй тул хариуцагч нараас 160,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж "Х" ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон компанийн эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

ОН САР: УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН

Шийдвэр👉

https://shuukh.mn/single_case/258145?daterange=2026-04-08%20-%202026-04-08&id=1&court_cat=1&bb=1

Магадлал👉

https://shuukh.mn/single_case/36586?start_date=&end_date=&id=2&court_cat=1&bb=1



ХАЛХАВЧИЛСАН ГЭРЭЭГЭЭР ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ШИЛЖҮҮЛСНИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО · Шүүхийн хэвлэл мэдээлэл