Үндсэн агуулга руу шилжих
Нээлттэй мэдээ рүү буцах

ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА 11 ДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС ЭХЭЛНЭ

Б.Оргилмаа

Хэвлэлийн мэдээ2026 оны 10-р сар 20, 10:37 3 минут унших

Томруулах

Монгол Улсад шинээр Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнан ажиллах шүүхийн үйл ажиллагааг 2026 оны 11 дүгээр сарын 1-ээс эхлүүлэх бэлтгэл хангагдаад байна. Шинээр байгуулагдах шүүх нь гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааныг мэргэшсэн хүний нөөцийн оролцоотойгоор шийдвэрлэж, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалахад чиглэнэ.

Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал тэргүүтэй албаны хүмүүс болон Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Күтюр, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын Ерөнхий захирал Жан Бийгл нар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн бэлтгэл ажилтай 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр танилцана.

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН АСУУДЛААР МЭРГЭШСЭН БАГ АЖИЛЛАНА

Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан. Тус хуулийн хэрэгжилтийг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүлэхтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 34 дүгээр хуралдаанаар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоожээ.

Энэ хүрээнд шүүхүүдийн Тамгын газрын бүтцэд Хүүхэд, гэр бүлийн хэлтэс шинээр байгуулж, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, түүний туслах болон сэтгэл зүйч ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна.

Ингэснээр гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнээр тухайн нөхцөл байдлыг нарийвчлан судлуулж, үнэлгээ, дүгнэлт гаргуулах боломж бүрдэнэ. Мөн эвлэрүүлэн зуучлагч, сэтгэл зүйчийн оролцоотой хамтарсан баг ажилласнаар маргааныг шийдвэрлэхдээ хүүхдийн эрх, сэтгэл зүйн байдал, дээд ашиг сонирхлыг харгалзан үзэх нөхцөл сайжрах ач холбогдолтой.

СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД НИЙСЛЭЛД ГЭР БҮЛИЙН ХУУЛИАР 11,689 ХЭРЭГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг батлахад гэр бүлийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх хэрэгцээ, шаардлага болон хэргийн ачааллыг харгалзан үзжээ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд Гэр бүлийн тухай хуулиар шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо 11,689 хүрсэн байна.

Энэ үзүүлэлт нь гэр бүлийн хэрэг, маргааныг мэргэшсэн хүний нөөцийн оролцоотойгоор шийдвэрлэх, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг харуулж байна.

Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх нь Багануур дүүргээс бусад нийслэлийн найман дүүргийн харьяалах хэрэг, маргааныг шийдвэрлэх юм.

Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэлснээр гэр бүлийн маргааныг мэргэшсэн хүний нөөцийн оролцоотойгоор шийдвэрлэх, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалахад бодит шинэчлэл болж байна.

Жич: Та мэдээтэй холбоотой зураг, дүрс бичлэгийг “Caseline” цахим талбарын Медиа сангаас татан авч ашиглах боломжтой.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ