Үндсэн агуулга руу шилжих
Нээлттэй мэдээ рүү буцах

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ

Б.Оргилмаа

Бусад мэдээлэл2026 оны 10-р сар 27, 15:13 3 минут унших

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 175 дугаар тогтоолоор “Оюу толгой” ашигт малтмалын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Манлай, Цогтцэций сумдын нутаг дэвсгэрийг хамарсан нийт 263,730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг тогтоосон байна. Гэвч улсын тусгай хэрэгцээнд авсан уг газарт холбогдох сумын Засаг даргаас зарим хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосноор газрын давхцал үүссэн байна.

Уг зөрчлийг арилгуулахаар нэхэмжлэгч “Оюу толгой” ХХК-аас Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тогтоолыг хэрэгжүүлэн, газрын давхцал үүссэн зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг даалгуулах талаар нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд: Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын хавсралтад алдаатай зурагдсан хилийн заагийг өөрчлөхгүйгээр газрын кадастрын нэгдмэл санд уг газрыг бүртгэх боломжгүй тул уг газрыг нөхөн бүртгэсэн гэх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/4044 дугаартай албан бичгийг үнэн зөв агуулгыг илэрхийлсэн гэж үзэх боломжгүй тул маргаан бүхий тогтоолыг хэрэгжүүлж, биелүүлэх боломжгүй байсан байна ... тус тогтоолын 1, 2 дахь заалт болон уг тогтоолд заасан байршлын талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, газрыг чөлөөлөх зэрэг үүргийг тусгайлан аймгийн Засаг даргад хүлээлгэсэн гэж үзэхээргүй байна ... гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд: Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг холбогдох төрийн захиргааны байгууллагуудын хооронд үе шат дараалалтайгаар явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул тухайн тохиолдолд хариуцагчаар тодорхойлсон Өмнөговь аймгийн Засаг даргын эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд: Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хүрээг тодруулах үүрэгтэй. Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолын 3 дахь заалтаар тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авах үүргийг Өмнөговь аймгийн Засаг дарга хүлээсэн хэмээн үзэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.1, Газрын тухай хуулийн 22.1-д зааснаар газрын талаарх төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх бүрэн эрх Засаг даргад хамаарна. Засгийн газрын тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газрын координат хавсралтаар тодорхой заагдсан байна. Энэ хүрээнд Засаг дарга орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өөрчлөх буюу тусгай хэрэгцээнд авч, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж үзсэн байна.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН

Шийдвэр:https://shuukh.mn/single_case/20672start_date=&end_date=&id=1&court_cat=3&bb=1

Магадлал:https://shuukh.mn/single_case/9932start_date=&end_date=&id=2&court_cat=3&bb=

Шийдвэрийг бүрэн эхээр нь хавсралт дахь бичлэгээс үзнэ үү.