Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.02.02-ны өдрийн 192/ШШ2026/01436 шийдвэр
Шүүхийн шийдвэрийн тойм №01, 2026.10.19
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч Т.Б, Ө.Н нарт холбогдуулж өөрийн өмчлөлийн газрыг тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан.
Хариуцагч нар “…маргаан бүхий газарт 1998 онд нүүж ирснээс хойш 26 жил гаруй амьдарч байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн агуулгаар маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр ажилласан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2025/04 дугаартай дүгнэлтээр хариуцагч нарын бодитойгоор хашаалан ашиглаж буй 891.82 м² талбай нь нэхэмжлэгч Я.Б-ийн өмчлөлийн газартай 369.4 м² талбайгаар давхцаж (нэвтэрч) байгаа нь тогтоогдсон.
Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил болон өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэйг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд заасан.
Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцлүүд бүрдэх ёстой.
Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана. Хариуцагч нар тухайн газарт олон жил амьдарсан явдал нь хууль ёсны өмчлөгчийн эрхийг хязгаарлах эсхүл зөрчих хууль зүйн үндэслэл болохгүй.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 369.4 м² газрыг үндэслэлгүйгээр хашаалан эзэмшиж байгаа нь баримтаар нотлогдсон тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/240635?daterange=2026-01-01%20-%202026-10-16&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангал