Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2025.12.24-ний өдрийн 2026/ХШТ/05 дугаар тогтоол
Шүүхийн шийдвэрийн тойм: №93 /ЭХТ-33/, 2026.11.20
Төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
“Хараагүй хүмүүсийн Хөдөлмөр сургалтын үйлдвэр” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал буюу төсвийн шууд захирагч З.Б, нягтлан бодогч Б.О нар нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор батлагдсан төслийн санхүүжилтээс төсөл хэрэгжих хугацаанаас өмнө үүссэн ажилчдын олгогдоогүй цалин хөлс, түүнд хамаарах хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын өр төлбөрт төлж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, холбогдох хууль хэрэглээний шаардлагыг хангаагүй хэмээн үзэж, З.Б, Б.О нарыг цагаатгав.
Хуульд заасны дагуу Аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар нь олгогдсон эд хөрөнгөдөө тулгуурлан өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг.
“Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-ийн захирал З.Б, нягтлан бодогч Б.О нар нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын дэмжлэгтэйгээр хараагүй хүмүүсийн оёдол, сав, баглаа боодлын цехийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, ариун цэврийн цаасны үйлдвэрлэлийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, хараагүй иргэдийн ажлын байрыг хадгалах, хөдөлмөрлөх нөхцөлийг нь сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад байгууллагад үүссэн татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийг төлж, байгууллагын харилцах дансаа нээлгэсэн аж.
Мөн үйл ажиллагаагаа хэвийн явуулах, ажилчдын цалин хөлсийг олгох зэрэг шалтгааны улмаас ажилчдын цалингийн өр төлбөрт 16,724,500 төгрөг, хүн амын орлогын албан татварт 10,840,019 төгрөг, нийгмийн даатгалд 34,300,000 төгрөгийг тус тус нөхөн төлжээ.
Үйл ажиллагааныхаа орлогоос өөрийгөө санхүүжүүлэх зохицуулалттай аж ахуйн тооцоот төрийн өмчит нэгжийн захирал, нягтлан бодогч нар нь ажилтныхаа өмнө хүлээсэн үүргийн дагуу үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах зорилгоор хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэлд биечлэн оролцсон ажилчдад төлбөл зохих хуримтлагдсан цалин, түүнээс шууд хамааралтай татвар, нийгмийн даатгалын төлбөр, хураамжийг ажил олгогчийн хувьд нөхөн төлсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан бус харин гэмт хэргийн шинжгүй байна.
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан албан тушаалын гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын үндсэн шинж тогтоогдоогүйгээс гадна хэрэгжүүлсэн төслийн үндсэн зорилгод нийцсэн зайлшгүй зардлыг санхүүжүүлжээ. “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-ийн санхүүгийн баримтад хийсэн дотоод аудитын тайланд тулгуурлан шүүгдэгч нарыг буруутгах нь нотлох баримтад тавигдах нотолгооны стандартыг хангаж чадахгүй байна гэж хяналтын шатны шүүхээс дүгнэсэн болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://supremecourt.mn/mn/printc?id=48549
Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт