Үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул гэрээнээс
татгалзаж, орон сууцыг чөлөөлүүлэв
Шийдвэрийн дугаар: 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/04722
Тойм бичсэн огноо: 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Маргааны агуулга: Нэхэмжлэгч “Б” нь хариуцагч “Б” -д холбогдуулан ... тоот хаягт байрлах 121 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “Б”-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нь … үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хууль ёсны өмчлөгч тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардаж байна гэж тайлбарласан.
Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ...2013 онд энэ орон сууцыг худалдах худалдан авахаар талууд гэрээ байгуулсан. 150 сая төгрөгийн урьдчилгаа өгсөн. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ үргэлжлүүлэн байгуулагдсан. Нэхэмжлэлийн шаардлага нь бодит амьдрал дээр биелэгдэх боломжгүй гэж тайлбарласан.
Талуудын байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид маргаан бүхий амины орон сууцыг шилжүүлэх үүрэг хүлээсэн бол хариуцагч нь гэрээний үнэ болох 272,250,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч урьдчилгаа 150,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэх 119,145,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцож, тухайн амины орон сууцыг 2013 оноос хойш эзэмшиж байгаа үйл баримтын талаар маргаагүй.
Шийдвэрийн агуулга: Талууд гэрээгээ “зээлээр худалдах, худалдан авах” гэж нэрлэсэн боловч төлбөрийг хожим төлөхөөс өөр нэмэлт төлбөр, хүү тохироогүй тул шүүх худалдах, худалдан авах гэрээ гэж үзэв. Худалдагч үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн ч худалдан авагч үлдэгдэл төлбөрөө тохирсон болон нэмэлт хугацаанд төлөөгүй учир худалдагч гэрээнээс татгалзсан байна. Иймд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэж, үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр шийдвэрлэв.
Шийдвэрийн цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/188851?daterange=2025-01-01%20-%202026-09-25&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр