Үндсэн агуулга руу шилжих
Нээлттэй мэдээ рүү буцах

Хууль санаачлагчаас ирүүлсэн хуулийн төсөлд санал өгөв

Анужин

Бусад мэдээлэл2026 оны 11-р сар 3, 11:17 2 минут унших

Томруулах

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.3-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан “Авлигын хөрөнгийг хурааж, хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулах тухай анхдагч хуулийн төсөл”, “Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл” болон “Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд холбогдох саналыг хүргүүллээ.

Тодруулбал, нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах харилцааг хувийн эрх зүйн хууль тогтоомжоор зохицуулах нь эрх зүйн онол, зарчмын хувьд боломжгүй, Улсын дээд шүүхээс энэ талаарх саналаа өмнө нь хууль санаачлагчид хүргүүлж байсан бөгөөд дахин санал авахаар ирүүлсэн анхдагч хуулийн төсөл нь өмнө санал авахаар ирүүлж байсан “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай” хуулийн төсөлтэй үзэл баримтлал, процедур, зохицуулалтын зүйл, хэлбэр, бүтцийн хувьд нэгэн ижил байх тул дэмжихгүй санал гаргасан.

Түүнчлэн Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт “Хууль бусаар, үндэслэлгүйгээр, эсхүл бусдыг хохироож хөрөнгө орлого олсон бол тухайн хөрөнгө, орлогыг хураалгах, буцаах, гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэх агуулга бүхий 4972 дугаар зүйлийг нэмэхээр төсөлд тусгасан нь гэм хорын эрх зүйн суурь заалт болох 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн агуулгатай нийцэхгүй тул нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураахтай холбоотой мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх үүднээс процессын зарим тусгай зохицуулалтыг шинээр хуульчлах шаардлагатай гэж үзвэл хууль ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хөрөнгө, орлогыг хураахтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулах, шийдвэрлэх бүхий бүлэг, дэд бүлгийг шинээр нэмэх боломжтой зэрэг саналыг хүргүүлэв.

Харин санал авахаар ирүүлсэн хуулийн төслийг дагалдан боловсруулагдсан Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд дараах агуулгаар санал хүргүүллээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тодорхой төрлийн гэмт хэрэгт оногдуулах үндсэн болон нэмэгдэл ялын хэмжээг илтэд хөнгөрүүлэхээр тусгасан нь төслийн үзэл баримтлалтай зөрчилтэй байх тул холбогдох хэсгийг, мөн анхдагч хуулийн төслийг дэмжихгүй байр суурийг баримталсан тул түүнтэй уялдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулахаар тусгасан нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь дэмжих боломжгүй бөгөөд харин санал өгөх шаардлагатай, анхаарвал зохих зохицуулалтуудыг боловсронгуй болгоход чиглэсэн саналуудыг боловсруулж хүргүүлэв.

Улсын дээд шүүхээс хүргүүлсэн саналтай ЭНД дарж танилцана уу.