Үндсэн агуулга руу шилжих
Нээлттэй мэдээ рүү буцах

ХУРЛЫГ ТОВЛОХОД ТАЛУУДЫН САНАЛЫГ ХАРГАЛЗДАГ НЬ ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛАХГҮЙ БАЙХ ЗОРИЛГОТОЙ

Э.Мягмаржав

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх

Шүүхийн шийдвэрийн албан мэдээлэл2026 оны 11-р сар 20, 14:11 2 минут унших

Томруулах

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.11.20-ны 2026/ШТ/483 дугаар тогтоол,

Тоймын дугаар, огноо: № 10, 2026.11.20

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно. 


Нийслэлийн прокурор газрын хяналтын прокуророос эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт шүүгдэгч Р.Дагдан, А.Энхбат, Б.Бат-Эрдэнэ нарыг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, нийтийн албан тушаалтан хахууль авах, хахууль өгөх гэмт хэрэгт шүүгдэгч Н.Тавинбэхийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг дараах үндэслэлээр хойшлуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Тавинбэхийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, шүүгдэгч Р.Дагданы өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Г.Ганбаяр нараас шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гарган, холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Мөн иргэний хариуцагч Б.Зулцэцэг шинээр өмгөөлөгч авсантай холбоотойгоор өмгөөлөгч А.Энхтүвшинээс шүүх хуралдааныг хойшлуулах, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар өмгөөлөгч нар хуралдаан давхацсан үндэслэлээр хуралдаанд ирээгүй, мөн өмгөөлөгч нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан нь хуралдаан хойшлуулах үндэслэлд хамаарч байх  тул шүүх хуралдааныг хойшлуулсан. 

Шүүх хуралдааны товыг тогтооход талуудын санал, хүсэлтийг харгалздаг нь шүүх хуралдаан удаа дараа хойшлохгүй байх, оролцогч талууд ажлаа зохицуулан төлөвлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үндэслэлгүйгээр удаашрахгүй байх агуулгатай зохицуулалт болно.

Улмаар талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааныг 2026.12.17-ны өдрийн 09:00 цагт товлов.


Тойм бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар