Үндсэн агуулга руу шилжих

Нээлттэй мэдээ

Шүүхээс олон нийтэд нээлттэй тараасан албан ёсны мэдээлэл.

Хууль санаачлагчаас ирүүлсэн хуулийн төсөлд санал өгөв

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.3-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан “Авлигын хөрөнгийг хурааж, хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулах тухай анхдагч хуулийн төсөл”, “Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл” болон “Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд холбогдох саналыг хүргүүллээ. Тодруулбал, нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах харилцааг хувийн эрх зүйн хууль тогтоомжоор зохицуулах нь эрх зүйн онол, зарчмын хувьд боломжгүй, Улсын дээд шүүхээс энэ талаарх саналаа өмнө нь хууль санаачлагчид хүргүүлж байсан бөгөөд дахин санал авахаар ирүүлсэн анхдагч хуулийн төсөл нь өмнө санал авахаар ирүүлж байсан “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай” хуулийн төсөлтэй үзэл баримтлал, процедур, зохицуулалтын зүйл, хэлбэр, бүтцийн хувьд нэгэн ижил байх тул дэмжихгүй санал гаргасан. Түүнчлэн Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт “Хууль бусаар, үндэслэлгүйгээр, эсхүл бусдыг хохироож хөрөнгө орлого олсон бол тухайн хөрөнгө, орлогыг хураалгах, буцаах, гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэх агуулга бүхий 4972 дугаар зүйлийг нэмэхээр төсөлд тусгасан нь гэм хорын эрх зүйн суурь заалт болох 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн агуулгатай нийцэхгүй тул нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураахтай холбоотой мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх үүднээс процессын зарим тусгай зохицуулалтыг шинээр хуульчлах шаардлагатай гэж үзвэл хууль ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хөрөнгө, орлогыг хураахтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулах, шийдвэрлэх бүхий бүлэг, дэд бүлгийг шинээр нэмэх боломжтой зэрэг саналыг хүргүүлэв. Харин санал авахаар ирүүлсэн хуулийн төслийг дагалдан боловсруулагдсан Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд дараах агуулгаар санал хүргүүллээ. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тодорхой төрлийн гэмт хэрэгт оногдуулах үндсэн болон нэмэгдэл ялын хэмжээг илтэд хөнгөрүүлэхээр тусгасан нь төслийн үзэл баримтлалтай зөрчилтэй байх тул холбогдох хэсгийг, мөн анхдагч хуулийн төслийг дэмжихгүй байр суурийг баримталсан тул түүнтэй уялдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулахаар тусгасан нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь дэмжих боломжгүй бөгөөд харин санал өгөх шаардлагатай, анхаарвал зохих зохицуулалтуудыг боловсронгуй болгоход чиглэсэн саналуудыг боловсруулж хүргүүлэв. Улсын дээд шүүхээс хүргүүлсэн саналтай ЭНД дарж танилцана уу.

Иргэний хэргийн танхим энэ долоо хоногт

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим энэ долоо хоногт буюу 2026 оны 11 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд дараах хуралдаануудыг зарлаад байна. 11 дүгээр сарын 03 болон 05-ны өдрүүдийн хяналтын шатны шүүх хуралдаанаар нийт 19 хэрэг хэлэлцэнэ. 11 дүгээр сарын 06-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаар 30 хэрэг хэлэлцэнэ. Иргэний хэргийн танхимын хуралдааны зар, тоймтой энд дарж танилцана уу. image.png

Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ

Улсын дээд шүүхийн 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, З.Хүрэлсүх, Б.Баатарсайхан нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хаалттай хянан хэлэлцэв. I.Нийслэлийн прокурорын газраас: Ц.Давгадоржийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алсан, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт, Х.Энхсайханыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. II.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд: Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгаж, Ц.Давгадоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан (хүнийг бүлэглэж алах) хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алсан, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт бүх насаар хорих ял шийтгэн, уг ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяад 256.088.276 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Золзаяад 205.705.092 төгрөг, хохирогч Ц.Цэдэвт 5.000.000 төгрөг, хохирогч Б.Жавхланд 50.000 төгрөг, хохирогч Э.Хуланд 149.989 төгрөг, П.Галбадрагт 500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Р.Ганболдод 80.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Р.Цэрэнмягмарт 512.752 төгрөгийг тус тус Ц.Давгадоржоос гаргуулан олгохоор шийдвэрлэсэн байна. III.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Давгадоржийг гэм буруутайд тооцсон заалт болон ялыг нэмж нэгтгэсэн хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. IV.Хяналтын шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв. Хоёр шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрх хэмжээ хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хуулийн хэрэглээний зөрүү байгаа эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэхийг хянах эрх хэмжээг хэрэгжүүлж, мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргах бүрэн эрхийн хүрээнд дараах шийдвэрийг гаргалаа. 1.Хяналтын журмаар гаргасан гомдлын тухайд: Прокуророос Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг шүүгдэгч Ц.Давгадорж нь амь хохирогч Ч.Шинэсаранг боох болон багалзуурдах үйлдэл эхэлсэн, аюултай байдалд орсон болохыг мэдсээр атлаа гэмт хэргийг таслан зогсоох, амь насыг аврахад чиглэсэн идэвхтэй үйлдлийг хийлгүй “эс үйлдэхүй”-ээр амь хохирогчийг “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр, бүлэглэж хоолойг нь цахилгааны утсаар ороон, амьсгалах замыг боож алах” санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсгүүдэд зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хоёр шатны шүүхээс зарим шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар хийсэн дүгнэлт учир дутагдалтай болсон байх тул энэ талаарх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг дараах үндэслэлээр “хэсэгчлэн хангаж” шийдвэрлэв. 1.1.Яллагдагч, шүүгдэгч нь гэм буруутай эсэхээ нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд шүүх гэм буруутайд тооцохдоо таамаглалд үндэслэх ёсгүй, зөвхөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар гэм буруутай эсэхийг шийдвэрлэх нь Үндсэн хуульд заасан шударгаар шүүлгэх эрхийн үндсэн баталгаа болдог. Хоёр шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад тулгуурлан Э.Ган-Эрдэнийг шүүгдэгч Ц.Давгадоржийн үйлдсэн хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон болох нь нотлогдоогүй, Э.Ган-Эрдэнэ нь шүүгдэгч Ц.Давгадоржийн заналхийлэлд бодитой өртсөн байхад өөрийн амь нас, эрүүл мэндийг золиослох буюу онцгой үүргийг хүлээлгэж, гэм буруутайд тооцох боломжгүй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, шийдэл үндэслэл бүхий гэж үзэн шийтгэх тогтоол, магадлалаас түүнд холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 1.2.Харин Э.Номин-Эрдэнийн хувьд шүүх мөн ижил үндэслэлээр түүний үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж хяналтын шатны шүүх үзэв. Өөрөөр хэлбэл, Э.Номин-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шийтгэх тогтоол, магадлалын Э.Номин-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгов. 2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийн тухайд: 2.1.Шүүгдэгч Ц.Давгадоржид холбогдох хэргийн тухайд: А.Шүүгдэгч Ц.Давгадорж нь өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор амь хохирогч Т.Золжаргалыг алсан, улмаар амь хохирогчийн гэрт хууль бусаар оршин суухдаа түүний эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг хууль бусаар захиран зарцуулсан, амь хохирогчийн гар утсанд суулгасан интернэт банк бүхий кибер орчинд хууль бусаар халдсан, гэрийн тавилга, эд зүйлийг устгаж, гэмтээж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, мөн амь хохирогч Ч.Шинэсаранг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алсан, улмаар цогцсыг нуух, зөөвөрлүүлэх үйлдэл хийлгэхийн тулд хохирогч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг заналхийлсэн, мөн насанд хүрээгүй хохирогч Т.М-ийг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийн үйл баримтыг хоёр шатны шүүх зөрүүгүй тогтоож, түүнийг гэм буруутайд тооцон ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Б.Шүүхээс шүүгдэгч Ц.Давгадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн, бүх насаар хорих ялаар тогтоож, хаалттай хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Давгадоржийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн зан төлөвийн илрэл, хандлага зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан бүх насаар хорих ялыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно. В.Харин шүүх Ц.Давгадоржийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул тус зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн агуулга бүхий өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв. Хяналтын шатны шүүх Ц.Давгадоржид холбогдох залилах гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлснээр бүх насаар хорих ял хугацаатай хорих ял болж өөрчлөгдөхгүй бөгөөд залилах гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, бүх насаар нь хорих ялаар тогтоож шийдвэрлэж байна. 2.2.Шүүгдэгч Х.Энхсайханд холбогдох хэрэгт хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, тэдгээрийн ач холбогдол, агуулгын талаар алдаатай дүгнэлт хийсэн байна гэж дүгнэв. Тодруулбал, прокуророос Х.Энхсайханыг 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтын агуулгаас зөрүүтэй тогтоосноор Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэхэд хүрсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалаас түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй. 2.3.Амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж, 99.000.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Ц.Давгадоржоос гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт тус тус олгуулах нь зүйтэй үзэж, шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулахаар тогтож, дараах дүгнэлтийг хийв. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг (1) хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэх, эсхүл (2) хүн амын дундаж наслалт болон нас барсан хүний насны зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлэхийн аль ашигтайгаар нь тогтоохоор заасан. Энэхүү хэм хэмжээний зохицуулалтын зүйл нь гэмт хэргийн төрөл, ангилал, гэм буруугийн хэлбэр зэргээс үл шалтгаалан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг харгалзахгүй, урьдач нөхцөлгүйгээр гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах явдал юм. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хохирогч, шүүгдэгчийн хувийн байдал, нас, хүйс, боловсрол, ажил мэргэжил, эрүүл мэндийн байдал, нэр төр, амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл харгалзахгүйгээр нөхөн төлбөрийг мөнгөн дүнгээр гаргуулах учиртай. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэн тогтоох хувилбар нь аливаа гэмт хэргийн хохирогч нарт дээр дурдсан хүчин зүйлсийг үл харгалзан эн тэнцүү олгохоор хөдөлшгүй тогтоосон, амь насны нөхөн төлбөрийн шинжтэй зохицуулалт болно. Үндэсний статистикийн хорооноос тооцоолон гаргасан тухайн оны хүн амын дундаж наслалтыг суурь болгон амь хохирогчийн насыг тогтоох нь хийсвэр шинжтэй, таамаглалд тулгуурлан ялгамжтай байдлаар хохирлыг шийдвэрлэх нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, аливаа алагчлалгүй, шударгаар шүүлгэх эрхэд харшлахаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй юм. 2.4.Хоёр шатны шүүх шүүгдэгч Ц.Давгадоржийн хохирогч Ц.Сийлэгмааг залилж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоосон боловч гэм буруутай этгээдээс хохирлыг гаргуулаагүй орхигдуулсныг зөвтгөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад нэмэлт оруулсан болно. ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

Шуурхай

Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааны явцын мэдээ

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хаалттай хянан хэлэлцэж байна. Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, Б.Солонго, Р.Булгамаа, Б.Баатарсайхан нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга, хууль зүйн үндэслэлээ танилцуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Золзаяа, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ, цагаатгагдсан этгээд Х.Энхсайханы өмгөөлөгч Л.Ган-Очир, цагаатгагдсан этгээд Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Мэргэн, Ж.Батхуяг, цагаатгагдсан этгээд Э.Номин-Эрдэнийн өмгөөлөгч Ш.Ербол, Ц.Баасанжаргал, шүүгдэгч Ц.Давгадоржийн өмгөөлөгч Б.Баттулга нар саналаа хэлж, улмаар Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Эрдэнэ, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалан нар хууль зүйн дүгнэлтээ тус тус танилцуулснаар шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно” гэж заасны дагуу хяналтын шатны шүүхийн шийдвэрийг 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудсаар шууд дамжуулан танилцуулах болно.

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан, шүүгдэгч З.Энхболд, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх нарын хамтран гаргасан гомдлыг тус тус үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэв. Хоёр шатны шүүхээс Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, З.Энхболдыг улс төрд нөлөө бүхий этгээд болох Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлсний улмаас түүнийг үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч, өмгөөлөгчдийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв. Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр анхан болон давж заалдах шатны шүүх гэм буруутай гэж үзсэн шийдвэр хэвээр үлдэж байна.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 175 дугаар тогтоолоор “Оюу толгой” ашигт малтмалын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Манлай, Цогтцэций сумдын нутаг дэвсгэрийг хамарсан нийт 263,730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг тогтоосон байна. Гэвч улсын тусгай хэрэгцээнд авсан уг газарт холбогдох сумын Засаг даргаас зарим хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосноор газрын давхцал үүссэн байна. Уг зөрчлийг арилгуулахаар нэхэмжлэгч “Оюу толгой” ХХК-аас Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тогтоолыг хэрэгжүүлэн, газрын давхцал үүссэн зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг даалгуулах талаар нэхэмжлэл гаргажээ. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд: Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын хавсралтад алдаатай зурагдсан хилийн заагийг өөрчлөхгүйгээр газрын кадастрын нэгдмэл санд уг газрыг бүртгэх боломжгүй тул уг газрыг нөхөн бүртгэсэн гэх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/4044 дугаартай албан бичгийг үнэн зөв агуулгыг илэрхийлсэн гэж үзэх боломжгүй тул маргаан бүхий тогтоолыг хэрэгжүүлж, биелүүлэх боломжгүй байсан байна ... тус тогтоолын 1, 2 дахь заалт болон уг тогтоолд заасан байршлын талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, газрыг чөлөөлөх зэрэг үүргийг тусгайлан аймгийн Засаг даргад хүлээлгэсэн гэж үзэхээргүй байна ... гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд: Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг холбогдох төрийн захиргааны байгууллагуудын хооронд үе шат дараалалтайгаар явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул тухайн тохиолдолд хариуцагчаар тодорхойлсон Өмнөговь аймгийн Засаг даргын эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд: Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хүрээг тодруулах үүрэгтэй. Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолын 3 дахь заалтаар тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авах үүргийг Өмнөговь аймгийн Засаг дарга хүлээсэн хэмээн үзэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.1, Газрын тухай хуулийн 22.1-д зааснаар газрын талаарх төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх бүрэн эрх Засаг даргад хамаарна. Засгийн газрын тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газрын координат хавсралтаар тодорхой заагдсан байна. Энэ хүрээнд Засаг дарга орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өөрчлөх буюу тусгай хэрэгцээнд авч, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж үзсэн байна. УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН Шийдвэр:https://shuukh.mn/single_case/20672start_date=&end_date=&id=1&court_cat=3&bb=1 Магадлал:https://shuukh.mn/single_case/9932start_date=&end_date=&id=2&court_cat=3&bb= Шийдвэрийг бүрэн эхээр нь хавсралт дахь бичлэгээс үзнэ үү.

Аглаг бүтээлийн хийд буюу “Өлзийбадруулагч” шашны байгууллагад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэв

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Н.Саруул, Ш.Ербол, “Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо” ГҮТББ нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцлээ. Нэхэмжлэгчдээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай” 18 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай” А/1348 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн хэргийг анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан буюу шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

Иргэний хэргийн танхим энэ долоо хоногт

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим энэ долоо хоногт буюу 2026 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд дараах хуралдааныг зарлаад байна. 10 дугаар сарын 28-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаар 31 хэрэг хэлэлцэнэ. 10 дугаар сарын 27 болон 29-ний өдрүүдэд хяналтын шатны шүүх хуралдаанаар нийт 17 хэрэг хэлэлцэнэ. Иргэний хэргийн танхимын хуралдааны зар, тоймтой энд дарж танилцана уу. Screenshot 2026-10-26 093650.png

ХАЛХАВЧИЛСАН ГЭРЭЭГЭЭР ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ШИЛЖҮҮЛСНИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Нэхэмжлэгч П.Э нь “Х х ү” ХХК, Д.Ч нарт холбогдуулан “160,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргасан. Тодруулбал, иргэн П.Э "Х х ү" ХХК-тай “Х” ХХК-ийн аялал жуулчлалын зориулалттай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах, 5560 мкв газрыг 160,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн "Орон сууц захиалгын гэрээ"-гээр халхавчлан байгуулжээ. П.Э болон “Х х ү” ХХК нарын хооронд орон сууц захиалгын гэрээнээс гадна “Х” ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээний суурь хэлцэл буюу үүргийн хэлцэл байгуулагдсан. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу “Х” ХХК-г ашиглах эрх бүхий газрын хамтаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр "Х х ү" ХХК-ийн менежер Д.Ч-н нэр дээр шилжүүлж гэрээний үүргийг биелүүлсэн. Хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлж, төлбөрийг барагдуулаагүй тул гэрээний үүрэгт 160,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгөхийг шаарджээ. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч "Х х ү" ХХК нарын хооронд байгуулагдсан 2023.02.01-ний өдрийн "Орон сууц захиалгын гэрээ"-г талуудад орон сууц захиалан бариулах бодит хүсэл зориг байгаагүй, тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглах эрхийг шилжүүлэх харилцааг халхавчлах зорилгоор хийгдсэн хууль зөрчсөн хэлцэл гэж үзсэн. Тус хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Харин нэхэмжлэгч болон хариуцагч Д.Ч нарын байгуулсан "Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" болон "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлох эрхийн хүрээнд байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл гэж тодорхойлжээ. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, нэхэмжлэгч нь компанийн хувьцааг Д.Ч-н өмчлөлд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байх тул хүчин төгөлдөр гэрээгээр тохиролцсон хувьцааны үнэ болох 1,000,000 төгрөгийг хариуцагч Д.Ч-с шаардах эрхтэй гэж дүгнэсэн юм. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 159,000,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч "Х х ү" ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар нэрлэн заасан этгээд болох хариуцагч Д.Ч-н нэр дээр тусгай зөвшөөрөл бүхий газар ашиглах эрхтэй “Х” ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон эрх, үүргийг шилжүүлсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй тул талууд худалдах, худалдан авах гэрээгээр тусгай зөвшөөрөл бүхий газар ашиглах эрхтэй "Х" ХХК-ийг 160,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж үзнэ. Харин Д.Ч нь хариуцагч "Х х ү” ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгчтэй компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулсан тул тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй бөгөөд хариуцагч "Х х ү” ХХК-аас 160,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Ч-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Хяналтын шатны шүүхээс зохигчийн хооронд байгуулагдсан 2023.02.01-ний өдрийн "Орон сууц захиалгын гэрээ"-ээр талууд орон сууц шилжүүлэх хүсэл зориг байгаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл, мөн өдрийн "Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" болон "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г талууд бичгээр тохиролцсон агуулгаасаа өөрөөр тайлбарлаж буй нь үндэслэлгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзжээ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхгүй тул хариуцагч нараас 160,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж "Х" ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон компанийн эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. ОН САР: УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН Шийдвэр👉 https://shuukh.mn/single_case/258145?daterange=2026-04-08%20-%202026-04-08&id=1&court_cat=1&bb=1 Магадлал👉 https://shuukh.mn/single_case/36586?start_date=&end_date=&id=2&court_cat=1&bb=1

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт шүүгдэгч Д.Даваасамбуу, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Н.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч О.Батсүх, шүүгдэгч Д.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баяраа, шүүгдэгч Ц.Баатарбилэг, “НВЦ” ХХК нарын өмгөөлөгч Б.Мөнхбат, иргэний хариуцагч “Кью Эс Си” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхтэмүүлэн, шүүгдэгч Г.Батдоржийн өмгөөлөгч К.Манлай, шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Б.Болдбаатар, шүүгдэгч Б.Шинэбаатарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг, шүүгдэгч Г.Байгалмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч П.Мягмардоржийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч М.Баярмагнайн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, шүүгдэгч Н.Баярчимэгийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр нарын хамтран, шүүгдэгч Г.Галсанням, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, Д.Түмэнжаргал нарын хамтран, шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Отгонбат, шүүгдэгч С.Магнайсүрэнгийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, иргэний хариуцагч “Энержи ресурс” ХХК-ийн өмгөөлөгч А.Даваабилэг нарын гаргасан гомдлуудыг 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хэлэлцэв. Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар зарим шүүгдэгчийн хувьд хэргийн үйл баримт болон гэм буруугийн асуудлаар анхан шатны шүүхээс дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон буюу эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй хэрэгт эрх зүйн дүгнэлт өгөх замаар хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг хянах боломжгүй, мөн оролцогчдын гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй байх тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА 11 ДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС ЭХЭЛНЭ

Монгол Улсад шинээр Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнан ажиллах шүүхийн үйл ажиллагааг 2026 оны 11 дүгээр сарын 1-ээс эхлүүлэх бэлтгэл хангагдаад байна. Шинээр байгуулагдах шүүх нь гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааныг мэргэшсэн хүний нөөцийн оролцоотойгоор шийдвэрлэж, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалахад чиглэнэ. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал тэргүүтэй албаны хүмүүс болон Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Күтюр, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын Ерөнхий захирал Жан Бийгл нар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн бэлтгэл ажилтай 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр танилцана. ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН АСУУДЛААР МЭРГЭШСЭН БАГ АЖИЛЛАНА Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан. Тус хуулийн хэрэгжилтийг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүлэхтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 34 дүгээр хуралдаанаар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоожээ. Энэ хүрээнд шүүхүүдийн Тамгын газрын бүтцэд Хүүхэд, гэр бүлийн хэлтэс шинээр байгуулж, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, түүний туслах болон сэтгэл зүйч ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна. Ингэснээр гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнээр тухайн нөхцөл байдлыг нарийвчлан судлуулж, үнэлгээ, дүгнэлт гаргуулах боломж бүрдэнэ. Мөн эвлэрүүлэн зуучлагч, сэтгэл зүйчийн оролцоотой хамтарсан баг ажилласнаар маргааныг шийдвэрлэхдээ хүүхдийн эрх, сэтгэл зүйн байдал, дээд ашиг сонирхлыг харгалзан үзэх нөхцөл сайжрах ач холбогдолтой. СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД НИЙСЛЭЛД ГЭР БҮЛИЙН ХУУЛИАР 11,689 ХЭРЭГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг батлахад гэр бүлийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх хэрэгцээ, шаардлага болон хэргийн ачааллыг харгалзан үзжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд Гэр бүлийн тухай хуулиар шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо 11,689 хүрсэн байна. Энэ үзүүлэлт нь гэр бүлийн хэрэг, маргааныг мэргэшсэн хүний нөөцийн оролцоотойгоор шийдвэрлэх, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг харуулж байна. Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх нь Багануур дүүргээс бусад нийслэлийн найман дүүргийн харьяалах хэрэг, маргааныг шийдвэрлэх юм. Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэлснээр гэр бүлийн маргааныг мэргэшсэн хүний нөөцийн оролцоотойгоор шийдвэрлэх, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалахад бодит шинэчлэл болж байна. Жич: Та мэдээтэй холбоотой зураг, дүрс бичлэгийг “Caseline” цахим талбарын Медиа сангаас татан авч ашиглах боломжтой. МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

ХУДАЛДАХ-ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭГЭЭР ӨМЧЛӨГЧ БОЛСОН ЭТГЭЭД ӨМНӨХ ХУУЛИЙН ЭТГЭЭДТЭЙ ХОЛБООТОЙ ХЭЛЦЛИЙН ҮР ДАГАВРЫГ ШААРДАХ ЭРХГҮЙ

Нэгэн компанийн шинэ хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээдийн өмнө нь бусадтай байгуулсан гэрээний үүргийг шаардаж, маргажээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь гуравдагч этгээд нарын хооронд байгуулсан гэрээний үнэ төлбөр, хохирлыг шаардаж, иргэний хэрэг үүсгэсэн байна. ХЭРГИЙН ХУРААНГУЙ: “Б” ХХК-ийн үндсэн хувьцаа эзэмшигч Ж.Б, Б.Э нар өөр хоорондоо 2022 онд компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ. Товчхондоо, Б.Э-г “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, компанийн эрх болон хувьцаагаа бүрэн шилжүүлжээ. Үүнээс өмнө буюу 2011 оны зургаадугаар сарын 22-ны өдөр өмнөх захирал болох Ж.Б нь “Б” ХХК-ийн ******** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “К” ХХК-д бүрэн шилжүүлсэн байна. Мөн оны долоодугаар сарын 18-ны өдөр тус лицензийн талбайг хамтран хөгжүүлэх зорилгоор Д.Г-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж, “К” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгожээ. Хамтран ажиллах гэрээнд компанийн эзэмшлийн ***** дугаар тусгай зөвшөөрлийг бусдад худалдан борлуулсан тохиолдолд “К” ХХК нь борлуулсан үнийн дүнгийн 70 хувийг, Д.Г 30 хувийг авахаар гэрээ байгуулсан байна. 2012 оны нэгдүгээр сарын 23-нд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг худалдах худалдан авах гэрээ байгуулагдан, худалдан авагч “М” ХК-д лицензийн талбайн тодорхой хэсгийг худалдаж, тус компанийн хамаарал бүхий “М” ХХК-д талбайд эрхийг хэсэгчлэн шилжүүлжээ. Энэхүү ашигт малтмалын хайгуулын *****Х тусгай зөвшөөрөлтэй холбоотой гэрээний талаар “Б” ХХК-ийн эрх шилжүүлэх болон худалдах худалдан авах гэрээнд огт тусгаагүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-д “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Иймд “Б” ХХК-ийн шинэ хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Э эрхийнхээ хүрээнд үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй гэж үзжээ. Ингээд 2023 онд “Б” ХХК “хамтран ажиллах гэрээгээр тохирсон орлогыг компанид өгөхгүйгээр компанийн хөрөнгөд хохирол учруулж үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Ж.Б, Д.Г нарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн байна. Анхан шатны шүүх: Нэхэмжлэгч “Б” ХХК нь “К” ХХК, “М” ХХК нарын хооронд 2012 оны тавдугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээний үнийн 70 хувийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх: Компанийн худалдах-худалдан авах гэрээгээр хуулийн этгээдийн өмчлөгч болсон этгээд өмнөх хуулийн этгээдтэй холбоотой хэлцлийн үр дагаврыг шаардах эрхгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Хяналтын шатны шүүх: “Нэхэмжлэгч “Б” ХХК-ийг 2022.03.03-ны өдрийн Компани худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр бусадтай өмнө нь байгуулсан гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Хуулийн этгээдийн өмчлөгч болсон этгээд нь өмнөх хуулийн этгээдтэй холбоотой хэлцлийн үр дагаврыг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “К” ХХК, “М” ХХК нарын хооронд байгуулсан гэрээний үнэ, хохирлыг шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзэж, магадлалыг хэвээр үлдээв.